Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 13 цаг 10 минут
Ерэн оноос хойш чөмгөө дундартал зүтгэсэн баялаг бүтээгчдээ баатрууд минь гэж харах цаг болжээ

Өнөөдөр манай улсад 200 мянган тэтгэврийнхэн, 200 мянган оюутан, 200 мянган төрөөс цалин хүртэгсэд, цаана нь бас 200 мянган огт ажил хийх хүсэлгүй иргэд байгаад нэг сая гаруй хүүхдийнх нь хамт 200 мянган баялаг бүтээгчид тэжээж байна гэж Монгол Улсын төрийн тэргүүн нэгэнтээ хэлсэн. Манай улсын эдийн засгийн 80 орчим хувийг хувийн хэвшил үйлдвэрлэж байна. Ажиллах хүчний 75 хувийг хувийн компаниуд бий болгодог. Улсын төсөвт төвлөрүүлж байгаа нийт татварын 70 орчим хувийг үндэсний баялаг бүтээгчид бүрдүүлдэг юм. Ийм л үнэ цэнэтэй давхаргынхан бол хувийн хэвшлийнхэн. Гэхдээ эднийг дотор нь хоёр хуваахаас өөр аргагүй байдалд өнөөдөр хүрлээ. Цаг үе нь өөрөө эдгээр хүмүүсийн хэн нь ерэн оноос хойш шударгаар бизнес эрхэлсэн, хэн нь амар хялбар аргаар мөнгө олж байгааг ялгаж салгахыг шаардаж байна. 

Өнгөрсөн 26 жилийн хугацаанд дээлтэйгээ хатаж, гэрээ мартсан гэсэр царайлж, бизнесийг “А”-гаас нь эхлүүлэн өнөөдрийн өндөрлөгт хүрсэн нэгэн үеийнхэн бол яах аргагүй ялгарч харагддаг. Харин хэн нэг эрх мэдэлтний нөлөөгөөр өчигдөр компани байгуулаад, өнөөдөр том тендерт ялаад, маргааш нь тэрбумтан болсон нөхдүүд өөрсдийгөө мундаг бизнесмэн гэж нэрлээд сууж байгаа нь эмгэнэлтэй. Тэд энэ л замаараа цааш явах хүсэлтэй байгаа нь Монголд хорлонтой байна. Ард түмэн энэ хоёрын ялгааг мэдэхгүй байгаа нь бүр эмгэнэлтэй. Энэ нь юугаар илэрч байна гэхээр Монголын бүх баялаг бүтээгчдийг нэг том хар саванд чихээд “Муусайн баячуул, төрийн мөнгөөр хөлжигсөд, улстөрчдийн түрийвчнүүд...” хэмээн цоллож байна л даа. Өөрийнхөө мөнчгөрөөр өдий хүртэл зүтгэхдээ Монголын нийгэмд ямар их баялаг бүтээж, ямар олон хүнийг цалин орлоготой амьдруулж, улсдаа хэдэн тэрбумын татвар төлж ирснийг нийгэмд зөвөөр таниулах нь аль аль талдаа чухал болжээ. Бүтэн 10 жил өдөр шөнөгүй хөдөлмөрлөж Lexus 570 авч унаж байгаа компанийн захиралд, ах нь дарга болсны маргааш 570 авч унаж байгаа танил нь ямар харагдах вэ. Түүний татварт төлсөн мөнгө шүү дээ. Шударгаар бизнес эрхлэгчид, шударга бусаар хөрөнгөтэй бологсод гэж хоёр ангилах цаг болжээ гэдгийг энэ мэт жишээнээс өдөр тутам бид харж байна.

Өнөөдөр шударгаар бизнес эрхэлж буй хүмүүстээ урмын ганц сайхан үг хэлчихдэг төр ч алга, хүн ч алга. Төрөөс бэлэн ашгаа авчихдаг, тендерээр мөнгө олдог нөхдүүдэд Монголын нийгэм шударга үнэлгээ өгөх ёстой. Тэд ямар ашиг орлогоороо, ямар хуримтлалаараа компани байгуулж, үндэсний баялаг бүтээгчидтэйгээ өрсөлдөөд байгаа юм. Ийм хүмүүст нийгмийн зүгээс баялаг бүтээгчид хэмээн хүндэтгэлтэй хандах ёстой юу. Ийм асуултын тэмдгүүд олонтой гарах боллоо. Гэм нь төр засаг нь ч тэднийг дөгөөж дэвэргээд, хэвлэл мэдээллийн байгууллагууд ч ташуур нэмсээр одоо хэн нь хулгайч, хулгайч бишийг ялгахгүй хэмжээнд очсон нь бүтэн 26 жил бизнесийн салбарт чөмгөө дундартал зүтгэсэн хүмүүсийн урмыг хугалахад хүрээд байна. Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэсэн үг бий. Дээр нь бизнесийнхэн маань бас дотроо учраа олохгүй нэгнийгээ гүтгэж, харлуулсан мэдээллийг нийгэмд хүргэх боллоо. Мэдээж үүнд улстөрчдийн халаасны компанийнхан голлох үүрэгтэй оролцож байгаа юм. Бас сэтгүүлчдийн маань цөөнгүй хэсэг нь аливаа зүйлийн учрыг ухаж мэдэхгүй, өнгөц мэдээллээр нийгэмд жинхэнэ баялаг бүтээж буй эздийг харлуулж, нийгмийн сэтгэл зүйд муу хүмүүс болгон харуулахад чухал үүрэг гүйцэтгэж ирлээ. Наад зах нь бид айл саахалтынхаа  мэргэжил нэгтнүүдээсээ жишээ авмаар байна. Өмнөд Монголын “Одон” телевиз, “Солонго” сэтгүүлийг хар. Тэдний мэдээллийн сувгууд ихэнх цагийг, сэтгүүлийнхээ ихэнх нүүрийг жинхэнэ хийж бүтээж байгаа хүмүүст зориулж байна. Жирийн нэгэн аж ахуйн эзнийн  талаар ямар гоё, гэрэл гэгээтэй, чамин сурвалжлагууд бэлдэж байна вэ.

Том, дунд түвшний аж ахуйн нэгжүүдийнхээ бизнесийн үйл ажиллагааг, хэрхэн хөдөлмөрлөж байгааг үлдээлгүй сурталчилж байна. Үнэхээр нэг аж ахуйч, ажил хэрэгч мэдээллийг тэднээс бид харах юм байна шүү дээ.

Хуучин нийгмийг санагалзаж байгаа юм биш. Сайн зүйлийг нь авах л ёстой. Жишээ нь соц нийгэмд манай телевиз, сонинууд малчны хотноос, тариан талбайгаас, барилгын бүтээн байгуулалтаас ямар сайхан амьд халуун сурвалжлагуудыг нийгэмд хүргэдэг байв. Одоо тэгтэл тариаланчдын хөдөлмөрийг харуулахын тулд заавал нэг сайд тариан талбай дээр зогсоод ярихыг хардаг боллоо. Сайн малчны хотноос хийж буй сурвалжлага гэхээр заавал нэг Их хурлын гишүүн гэрийнх нь хойморьт суугаад ярих юм. Барилгын салбарын бүтээн байгуулалттай танилцахын тулд баахан дарга нарын зээл ярихыг сонсож залхлаа. Нийслэл хотод маань өнөөдөр боссон энэ их уул хяр шиг орон сууцны хорооллууд, үйлдвэрүүд, зам талбай, гүүр, зочид буудал, хоолны сүлжээнүүд хэрхэн эдийн засаг болж, энэ улсын иргэдийн амьдралд эерэгээр нөлөөлж байгааг бодитоор нь олон түмэнд хүргэчихэж болдоггүй юм уу. Ерэн оноос гахай үүрч бизнесийн гараагаа эхлүүлсэн өнөөдрийн баялаг бүтээгчдийн хөдөлмөрийн үр шимийг бид алхам тутамдаа хүртэж байна. Монголчууд бүгдээрээ тэдний байгуулсан компанид ажиллаж, тэдний барьсан орон сууцанд амьдарч, тэдний ресторанд зоог барьж, тэдний бий болгосон эмнэлэгт үзүүлж, тэдний үйлдвэрлэсэн гурил ногоогоор хүнсээ залгуулж, тэдний тавьсан замаар давхиж, тэдний байгуулсан сургууль цэцэрлэгт хүүхдээ сургаж, тэдний дэлгүүрүүдээс үйлчилгээ авч байна. Энэ бүгдийг ерээд оноос хойш өнөөдрийг хүртэл бор зүрхээрээ зүтгэсэн компанийн эзэд л бий болгосон шүү дээ.

Монголын эдгээр бизнесмэнүүдийн гайхамшиг­тай чанар нь ганц биедээ ахдам олон салбарт нэгэн жигд баялгийг бүтээж байна. Барилгын, замын, уул уурхайн, үйлдвэр үйлчилгээний, хөдөө аж ахуйн гээд олон салбарт нэг хүн, нэг компани, нэгэн зэрэг тогтвортой, амжилттай ажиллаж ирлээ. Зөвхөн нэг компани гэхэд 4000 хүнийг ажлын байраар хангаж, жилд 130 тэрбум төгрөгийн татвар улсад төлж байна. Монгол Улсыг тэр чигээр нь засмал замаар холбож байна. Монголын нийслэлд хэдэн мянган орон сууц эздээ хүлээгээд байж байна. Саяхан л үлгэр мэт сонсогдож байсан бүтээн байгуулалтууд шүү дээ. Салбар бүрт ийм жишээ олныг дурдаж болно. Ийм л баялаг бүтээгчид энэ улсад үнэ цэнэтэй баймаар юм. Ийм хүмүүсдээ Монголын төр гүн хүндэтгэлтэй хандмаар юм. Монголын үнэ цэнийг эдгээр хүмүүс л авч яваа байх. Монголын үндэсний баялаг бүтээгчид өнөөдрийг хүртэл шулуун дардан замаар яваагүй. Банкнаас зээл авч, унаж босож, шатаж, хоолой дээрээ хутга тулгуулах үе олонтой тохиосон нь мэдээж. Тэдэнд хэн ч туслаагүй, бүгд л хар толгойгоороо үйлээ үүрээд, тэсээд гарсан нь өнөөдрийн Монгол Улсын жаахан ч гэсэн хөгжил цэцэглэлт мөн. 



Ингэж хөдөлмөрлөсөн, зүтгэсэн тэд өнөөдөр Монголын төрөөс гавьяа шагнал, цол хэргэмээ авах болзлоо хэдийнэ хангажээ. Монголын төр ч гэсэндээ үүнээс өөрөөр тэднийг юугаараа ч гялайлгах билээ. Сүүлийн жилүүдэд лав “Тэр компанийн захиралд Хөдөлмөрийн баатар цол олголоо” гэж сонсогдоогүй. Шагналын мэдээ байсхийгээд гардаг. Баахан л дуучин, жүжигчин, бөхчин... хүмүүс л баатар, гавьяат авч байгаа харагддаг. Шударга хэлэхэд тэдний гавьяа бол зөвхөн тэдний л гавьяа, өөрийнхөө төлөө хийсэн хөдөлмөр. Дэлхийн аварга боллоо гээд тэднээр дамжиж дэлхийд хэдэн сая хүн Монголыг мэддэг болоод байгаа юм. Монгол Улсынхаа нийгэмд, эдийн засагт ямар хувь нэмэр оруулсан хүмүүс юм. Амьдралд бид бодитой л хандах ёстой. Хувьдаа байгуулсан гавьяа, хувьсгалд байгуулсан гавьяа хоёрын дунд тэнгэр газар шиг ялгаа байдгийг Монголын төр гэгээн оюундаа тунгаах биз. Тэднийг шагнаж урамшуулалгүй л яахав, гэхдээ Монгол Улсад хэдэн арван тэрбумын татвар төлсөн, хэдэн мянган ажлын байр бий болгосон, хэдэн мянган айл өрхийн амьдралыг авч яваа, бараг дундад зуунаар шахуу байсан Монголын нийслэлийг орчин үеийн хот болгосон, дэлхийн хамаг л сайн техник, технологийг салбар бүртээ авчирсан баялаг бүтээгчдийг үнэлэх үнэлэмж урлаг, спортынхноос доогуур байх ёсгүй. 

Хуучин нийгэмд аль нэг нэгдэл, сангийн аж ахуйг хэдэн жил сайн удирдсан хүнд Хөдөлмөрийн баатар цол олгодог байлаа. Эсвэл нэг тариа бригадыг давгүй удирдаж, төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн, эсвэл 100 эхээс 104 ботго жил дараалан авсан тэмээ­чинд олгодог цол байв. Харин өнөөдөр Монголын нийгэмд хийсэн бүтээсэн хүмүүсийн үзүүлэлт бол дэндүү гайхамшигтай, тэр үетэй харьцуулшгүй юм. Насаараа арван дуу дуулаад хөдөлмөрийн баатар цол авч байгаа хүн, ухамсарт амьдралынхаа 20 жилд бүхэл бүтэн дүүрэг, тосгон байгуулж, 20, 30 мянган хүний амьдрах орчинг бүрдүүлж, Монголын төсвийг мөнгөөр таслаагүй явж ирсэн хүн хоёрын улсдаа байгуулсан гавьяа, нийгэмд эзлэх байр суурь, үнэ цэнийг харьцуулшгүй биз дээ. Ийм компанийн захиралтай тэр үеийн сангийн аж ахуйн даргыг яаж зүйрлэж болохов. 

Баялаг бүтээгчдээс сүүлийн дөрвөн жилд Хөдөлмөрийн баатар цол авсан хүн байна уу гэхээр Сэлэнгэ аймгийн тариаланч Мардаан гуай л энэ цолыг хүртсэн юм билээ. Монголыг хэн авч явж байна, тийм л хүмүүс хүртдэг шагнал гэж ард түмэн ойлгодог. Тийм болохоор Монголын нийгмийг авч яваа баялаг бүтээгчдээ төрөөс баатар цолоор нь шагнах болчихсон юм байна. Тэд бүгдээрээ болзлоо хангасан. Ерэн онд гал цогтой гахайгаа үүрээд бизнесээ эхлүүлж, өнөөдрийн хөгжлийг бий болгосон бизнесмэнүүд маань өнөөдөр эхнээсээ 60 нас хүрч, ухамсарт амьд­ралдаа би эх орондоо юу хийж бүтээв, Монгол Улсын хөгжилд би ямар хувь нэмэр оруулав хэмээн дүгнэж цэгнэ­дэг насан дээрээ ирж байна. Үр хүүхдүүддээ бизне­сээ залгамжлуулаад эхэллээ. Ерэн оноос хойш эдгээр хүмүүс Монголын ард түмнийг идэх хоолтой, өмсөх хувцастай, унах унаатай, дулаан байртай, дэлхийн хүн төрөлхтнөөс дутуугүй амьдруулах гэж үнэхээр зүтгэсэн, их ч ядарцгаасан. Үр хүүхэд нь аавынхаа царайг харалгүй хоёр гурван сар болох энүүхэнд байсан байлгүй. Ингэж биеэ барсан, оюун ухаанаа чинээнд нь тултал хөдөлмөрлөсөн хэдэн муусайн баялаг бүтээгчдэдээ Монголын төр урмаа хайрла. Дуудаж авчраад гавьяаг нь үнэл. Өнөөдрийн нийгэмд баялаг бүтээгчид л жинхэнэ баатрууд юм шүү. Шударга хэлэхэд хоол анхдагч, хоолой хоёрдогч шүү гэдгийг хэлэх байна. Монгол улсыг авч явж буй, цаашид авч явах аж ахуйн нэгжийн эздийг төрөөс шагнаж гэмээнэ нийгэмд компанийн үнэлгээ өснө. Энэ нь тэдний нийгэмд эзлэх байр суурь нь болно. Учир нь үүндээ л байгаа юм. Дээр нь Монголын бизнесмэнүүдийг өнөөдрөөс эхлэн хоёр салгаж харах ёстойг дахин дахин хэлмээр байна. Өнгөрсөн 26 жилд цуцалтгүй хөдөлмөрлөж баялаг бүтээсэн компаниуд, тэдгээрийн эзэд. Нөгөөдөх нь зүгээр л эрх мэдэлтнүүдийн дэмжлэгээр, улстөрчдийн нөлөөгөөр зовлонгүй хөрөн­гөжсөн нөхдүүд. Монголын төр энэ хоёр хүнийг л ялгаж, салгаж гэгээн оюундаа тунгаагаасай.


Ингэхгүй бол энэ хэдэн үндэсний компанийн чинь эзэд ямар ч урам зориггүй боллоо. Өнөөдөр 10-25 тэрбум төгрөг татварт өгч төсөвт 151 тэрбум төгрөг нийлүүлдэг байсан 14 компани жилийн дотор зургаа болон хорогдлоо. 1-2 тэрбум төгрөг татварт өгдөг 34 компани 11 болон цөөрлөө. 100 саяас дээш татвар төлдөг байсан 200 компанийн тал нь байхгүй боллоо. Өнөөдрийн эдийн засгийн хямрал, төрийн дарамт, авлигажсан тогтолцоо тэднийг хийж бүтээх хүсэл тэмүүлэлгүй болгочихлоо. Энэ нь Монгол Улс өөрөө урам зориггүй, хүсэл тэмүүлэлгүй, эдийн засгийн потенциалгүй боллоо гэсэн үг. Энэ бол аюулын харанга. Ийм цаг үед Монголын төр баялаг бүтээгчдэдээ чадах чинээгээрээ урам зориг хайрла, эрч хүч өг. Тэдэнд өөр юу ч хэрэггүй, бусдыг нь тэд өөрсдөө бүтээгээд, босгоод явчихна.  



Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.