Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 18 цаг 20 минут
Ерөнхийлөгч Х.Баттулга: Монгол, Солонгос, Япон, Орос, Хятад гэсэн эрчим хүчний том сүлжээнд нэгдчихвэл найдвартай бизнесээр холбогдлоо гэсэн үг

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 4-7-ны өдрүүдэд ОХУ-ын Приморын хязгаар Владивосток хо­тод болсон Дорнын эдийн засгийн чуулганд өр­гөн бү­рэлдэхүүнтэй оролц­лоо. Энэ удаагийн форумын онцлог нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхны гадаад томилолт байлаа. Ерөнхийлөгчийн бүрэлдэхүүнд манай улсын томоохон компанийн 80 орчим төлөөлөл багтсан юм. Мөн Зам тээврийн Хөгжлийн сайд Д.Ганбат, Гадаад харилцааны дэд сайд Батцэцэг, ОХУ-д суугаа элчин сайд Б.Дэлгэрмаа болон бусад албаны төлөө­лөгчид оролцлоо. Монголын бизнесийнхнээс “MCS”, “МАК”-аас бусад нь бараг оролцсон гэж болно.

ОХУ-ын зүгээс сүүлийн найман жилд хоёр удаа албан ёсоор “Хоёр орны харилцааг шинэ түвшинд гаргая” гэсэн саналыг тавьсан байдаг. Жирийн иргэнд бол энэ санал энгийн сонсогдоно. Дипломат ёс зүй, хэм хэмжээгээрээ бол энэ нь том утгатай. Манай хоёр улсын харилцаа нэн доод түвшинд байна. Үүнийгээ дээд түвшинд аваачихгүй бол болохгүй нь гэсэн соёлтой санал аж. Ерөнхийлөгчийн анхны айлчлал хойд хөршөө­сөө эхэлсэн нь харилцааг шинэ түвшинд гаргахыг зорьсон гэж болно. Тусгай үүргийн онгоцонд хэдэн цаг нисэхдээ монголын гайгүй бизнесменүүдтэй юу эсийг хөөрөлдөхөв. Тэдний нийтлэг хандлага бол “Оросоос бид хөндийрч болохгүй, хамтрах л ёстой” гэсэн бодолтой байгаа нь мэдрэгдэж байлаа.


Мөн тэд шинэ ерөнхийлөгч ямар алхам хийх бол гэдгийг тандсан, бас бизнесийн бо­лом­жууд, шинэ нөхцөл бай­дал, гэрээ хэлцлийг сонирх­сон байдалтай яваа нь анзаа­рагдсан юм. Ямарч стратегигүй хүн улсын Ерөнхийлөгчөөр сонгогдохгүй шүү дээ гэсэн үг нэг бус компанийн захирлын амнаас гарч байсан юм. Үүнийг том зургаар нь харвал Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Алс дорнод дахь стратеги ямар байна гэдгийг л мэдрэх ёстой аж. Энэ хязгаар нутгийг Монгол Улс анзаарахгүй байж болохгүй нь. Энэ хязгаарыг улс орнууд онцгой анхаарч, ач холбогдол өгч, өөрсдийн оролцоог идэвхжүүлсэн нь Монгол, Орос, Япон, БНСУ болон цаана нь нийт 60 орчим улс орны 3000 гаруй төлөөлөгч тэрхүү Оросын аралд цугласнаас харагдана. Орос, Япон, Солонгосын төрийн тэргүүнүүд гүйцэтгэх засаглалынхаа удирдлагуудыг бүрэн бүрэлдэхүүнээр нь дагуулаад иржээ. Дээрх 3000 төлөөлөгчийн 1000 орчим нь бизнесийнхэн, 500 орчим нь хэвлэл мэдээллийнхэн, төр засгийн 800 орчим хүн байна гэсэн мэдээлэл цацагдаж байлаа.

Манай иргэд анзаар­сан бол тус форумын үйл ажил­лагааг ОХУ-ын мэдээллийн хэрэгслүүд дамжуулахдаа телевизүүд нь тэр чигээрээ Монгол, Орос, Япон гурван улсын төрийн тэргүүнүүд л уулзаж, ярилцаж, голлох гэрээ хэлэлцээрүүдийг хийж байгаа мэт ойлголтыг төрүүлэхээр байсан нь содон байлаа.

Сошиал медиа, том сайтууд нь зөвхөн П.Путин, Х.Баттулга хоёрыг голлон харуулж байсан нь анзаарагдсан байх. Тус улсын удирдагч нь Монголын шинэ ерөнхийлөгчтэй урьд хожид харагдаж байгаагүйгээр найрсаг дотно харилцаатай байсан нь сэтгүүлчдийг хүссэн хүсээгүй тийм өнцөг рүү оруулав бололтой. Дорнын эдийн засгийн форумын завсар зайгаар Ерөнхийлөгч Х.Баттулгаас “Путин ерөнхийлөгч та хоёрын Будапештын уулзалт хүмүүст эерэг сэтгэгдэл төрүүллээ. Энэ харилцаа тань энд хийгдэх ажил төрлийн уулзалт чинь их дөхөм, сайтар ойлголцлын үндэс болох байхдаа” гэхэд “Бид хоёрын дунд ойлголцохгүй зүйл бага гарна байх. Би итгэлтэй байгаа шүү” гэсэн юм.

Тус форумаас харахад Оросын эдийн засаг ер нь сэргэчихэж. Америкийн эдийн засгийн хориг үүнд түлхэц болсон тухай бичээд эхэлсэн байна лээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалаас зарим хүмүүс дан ганц нүүрс, төмөр замын транзит тээврийн хөнгөлөлтийг хараад байх шиг байна. Угтаа ХАА чиглэлийн томоохон асуудал тэнд бас яригдсан шүү дээ. Жишээ нь оросуудын энэ удаагийн эдийн засгийн сэргэлт дотор энэ улс дотооддоо махны үйлдвэрлэлээ сэргээж бүр гадагшаа экспортлох болжээ. Европын орнууд руу тахианы мах гаргаж багагүй орлого олох болсон тухай тэнд яригдлаа. Тэгсэн экспортын гол цэг болсон Кланинградад нь өвчин гарснаар ОХУ-аас гардаг махан төрлийн бүх бүтээгдэхүүнд хориг тавигджээ. Тэд зөвхөн нэг бүс нутагт гарсан өвчин, бусад газраар экспорт хийе гэсэн ч Европ саналыг нь хүлээж авахгүй байгаа юм байна. Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр Оросууд манайхаас мах авахдаа “Танай тэр аймагт тийм малын өвчин гарсан. Тийм учраас малаа эрүүлжүүл. Тэгэхгүй бол манайх авахгүй” гэдэг. Энэ зовлонгоо Оросын тал ярихад нь манай талаас “Танай, манай хоёрын зовлон нэг болжээ. Зөвхөн нэг газарт нь гарсан өвчнөөс болж нийт улс даяар нь мах авахгүй болно гэдэг шударга бус байгаа биз” хэмээн хэлж хойшид зөвхөн өвчин гарсан бүсэд хорио тогтоогоод бусад газраас мах экспортолж болох талаар ярилцаад авах жишээтэй. Монгол Улсын төмөр замын ачаа эргэлт урьд байгаагүйгээр их болж хагас жилийн байдлаар таван тэрбумын ашигтай ажилласан талаар бид урьд нь мэдээлж байсан. Ачаа эргэлт нэмэгдсэн үед манай тал урьд нь оросоос ачааны вагон түрээслээд авчихдаг байж. Харин өнгөрсөн жилээс хойд нөхөд “Өгч чадахгүй нь, манайх төмөр замын ачаагаа дийлэхээ байсан” гэжээ. Энэ нь бас л эдийн засаг нь сэргэсэн том үзүүлэлт аж. Энэ мэт наад захын жишээгээр оросын эдийн засаг тэлж, хөгжиж байгааг бид харахаар болжээ.

Алс дорнодод монголчууд ач холбогдол өгөх ямар шалтгаан байна вэ. Энэ хязгаар нутагт Восточный боомт гэж байна. Дэлхийн эх газарт олон улсын хэмжээний цэрэг, улс төр, эдийн засгийн онцгой ач холбогдол бүхий хоёр л боомт байдаг. Тэр нь Газар дундын тэнгис, нөгөөх нь Владивостокоос 200 км-ийн зайд байх энэхүү Восточный боомт. Яагаад гэвэл энэ хоёр боомт өвөлд хөлддөггүй. Огт хөлддөггүйд ач холбогдол, үнэ цэн нь оршдогийг жаахан юм уншдаг хэнбугай ч мэднэ. Тэгсэн зарим мэдээллийн сувгаар тас хөлддөг боомтоор нүүрс зарна гэж үлгэр ярих юм гэж бичсэнийг хараад гайхсан. Яг үүндээ хүрвэл дэлхийн эдийн засгийн эерэг үзүүлэлт энэ хоёр боомтоос хамаарна, улс төр, цэрэг стратегийн аливаа нэг эерэг сөрөг тэсрэлт энэ хоёр боомтоос хамаардгийг дэлхийн хэвлэл мэдээллийн сувгууд бичихээрээ нэг болж байгаа. Ийм л онцгой ач холбогдолтой хоёр боомтын нэгтэй Монгол Улс заавал холбогдох ёстой. Энэ бол улс төрч бүрийн заавал харах, баримтлах ёстой зарчим. Бизнесмен хүн бол жилийн дараах ашгаа харж үйл ажиллагаагаа явуулдаг, улс төрч хүн бол 10 жилийн дараахийг харж үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн айлчлал бол 10 жил, магадгүй 30 жилийн дараахь Монголын хувь заяаг харсан албан томилолт гэж харж болно.

Хүн бүрийн анхаарал хандуулаад байгаа төмөр замын транзит тээврийн Оросын талын хөнгөлөлтийн талаар бичье. Монголчууд нүүрсээ Хятадын Тяньжин боомт руу 2000 км зөөх зардал, Владивосток руу 4000 км зөөх зардал хоёр яг адилхан байх тийм л хөнгөлөлтийн гэрээ. Газрын зураг дээр харахаар тойруу, хол замыг туулж нүүрс зөөхөөр харагдаж байгаа. Тэгвэл ийм л адилхан зардалтай байх транзит тээврийн хөнгөлөлтийн гэрээг Оросын талтай хийж байгаа юм. Дахин тодорхой хэлэхэд урд хөрш рүү гаргаж буй тээврийн зардлаас бараг хямдаар Восточный боомтод нүүрсээ хүргэх нөхцөлийг хэлээд байгаа юм. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Дорнод бүсийн эдийн засгийн чуулганы өргөтгөсөн хуралдаан дээр үг хэлэхдээ “Өнөөдөр Восточный боомтоор хаа байсан Тувагийн цаана байх Хакасын уурхайн нүүрсийг 8000 км зөөж авчраад Япон, Солонгос руу ашигтай зарж байна. Монголчууд Таван толгойн нүүрсээ 4000 км-ийн цаанаас авчраад олон улсын зах зээлийн үнээр зарж болно. Бид бүх талаар дэмжинэ. Сая Баттулга ерөнхийлөгч хэллээ, бид монголоос гурван цаг нисээд ирлээ. Хол биш байна гэж” хэмээн хэлсэн. Хакасын нүүрсний илчлэг нь 5000 ккал/кг, манай Таван толгойн нүүрс 7000 ккал/кг-оор илүү. Япон, Солонгосын зах зээлд нүүрс маш их эрэлттэй байгааг мөн энэ хуралдааны үеэр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэн Ин нар хэлсэн. Тэд энэ бүс нутагт манай дөрвөн улс хамтраад эдийн засгийн супер цикль байгуулъя гэж уриалсныг энэ өдрүүдэд дэлхийн ертөнц сонссон байх. Тэдний энэ бүх яриа хэлэлцээрт саналаа нэмэрлэж  Ерөнхийлөгч Х.Баттулга “Манайх далайд гарцгүй орон. Бид далайд гарч эрдэс баялаг, нүүрсээ олон улсын үнээр зарах боломжоо энэхүү Восточный боомт гэж харж байгаа. Монгол Улсад түүхий эд нь байна, тээвэрлэлтийг нь Оросын талтай хамтраад шийдчихье, тэгвэл авах зах зээл нь Япон, Солонгос танай хоёр улс байна” хэмээн маш тодорхой саналыг дэвшүүлсэн юм. Улмаар Ерөнхийлөгч Х.Баттулга “Бид нар Оросын талын албаны хүмүүстэй явж боомтын үйл ажиллагаатай танилцлаа. Тодорхой саналууд дээр нэгдсэн ойлголттой боллоо. Оросын тал Восточный ойролцоо Находка, Зарубино гэсэн боомтуудад манайхыг газар ав, өөрийн терминалаа байгуул гэсэн . Дэлхийн зах зээлийн үнэ ерөөсөө боомт дээр л байдаг” гэж хэлсэн нь энэ талын гэрээ хэлэлцээр нэг мөр шийдэгдсэнийг илэрхийлсэн мэдэгдэл болов. Хоёр талын транзит тээврийн гэрээний текст бэлэн болсон, эцсийн гарын үсгүүд зурагдах л үлджээ гэж ойлгогдсон. Дорнын эдийн засгийн чуулганд В.Путиныг хүрэлцэн иртэл түүний шадар туслах И.Е.Левитин ерөнхийд нь ахалж байсан юм. Албан бус мэдээллээр бол түүний үг Путины үг л гэсэн үг хэмээн яригдаж байлаа. ОХУ-ын хувьд Ерөнхийлөгч нь л үүрэг өгсөн бол бүх зүйл нэг шугамаар хаалтгүй явж, гарын үсэг зурагдан шийдэгддэг онцлогтой. Ямар сайндаа Х.Баттулга, түүний Япон хариуцсан бие төлөөлөгч Асашёүрю Дагвадорж нар Шинзо Абэтэй уулзахдаа “Танай талаас Нахотка, Зарубино боомтод хөрөнгө оруулчих, бид нүүрсээр тооцоо хийчихьё” гэсэн урьдчилсан бартер гэрээ хэлцэл яригдлаа гэж албан бус мэдээлэл тэнд сонсогдож байхав. Гаднаас нь харахад хоёр орны төрийн тэргүүнүүд дипломат яриа хөөрөө дунд уулзалтыг хийж харагддаг ч хувь улс төрчдийн дотно яриа, хувь хүмүүсийн ний нуугүй ойлголцол нэн чухал байдгийг бид бишгүйдээ л сонссон шүү дээ. Энд бас нэг яриа гарсан нь манай нүүрс замдаа Оросын металлургийн үйлдвэрүүдэд борлогдох боломжтой гэсэн яриа юм. Энэ бол тусдаа гэрээ хэлцэл, нэлээн ул суурьтай яригдах наймаа хэлцэл юм билээ. 

Монголын Таван толгойн нүүрс дэлхийд хамгийн чанартай, хамгийн зардалгүй олборлодог нүүрс. Бараг л хүрздээд аччихдаг. Энэ нүүрсээ зардаг ганцхан зах зээлтэй. Тэр нь Хятад. Хятадууд 60 доллараар авна гэвэл өгөхөөс өөр гарцгүй. Арай хямд байна гэвэл тэд “Тэгвэл больчих л” гэнэ. Болино гэхээр монгол хохирно. Хятадаар дамжуулаад Тяньжин боомт хүргэж дэлхийн зах зээлийн үнээр зарна гэхээр хятад дамжуулахгүй. Шударга хэлэхэд хятадын нутгаар нүүрс бүү хэл махан бүтээгдэхүүн гаргаж Вьетнамд зарна гэдэг ч худлаа. Нүүрсээ бүү хэл махаа ч бид тэдний нутгаар дамжуулах боломжгүй үлгэр. Нүүрсийг гэхэд монголын хилийн цаана байгаа хятадын ченж зургаан компани аваад үйлдвэрүүддээ  дамлаад зарж сурчихсан. Манай нэр бүхий томчууд тэдэнтэй нийлчихсэн, түрийвч нэг. Ийм л нөхцөл байдал дунд монголчууд цаг хугацааг алдсаар байгаад бид өөрсөндөө дүгнэлт хийх цаг нэгэнт болсон учраас монголчуудын цөөнгүй хэсэг нь энэхүү Алс дорнод дахь эдийн засгийн форумд Монгол Улсын Ерөнхийлөгч ямар байр суурьтай оролцохыг онцгой анхаарч, үр дүн хүлээв бололтой.

Алс дорнодын холбооны их сургуулийн аварга том цогцолборт хэдэн өдөр үргэлжилсэн энэхүү Дорнын эдийн засгийн форумд оролцсон мянга мянган төлөөлөгчдөд В.Путины хэлсэн нэг үг хүчтэй сонсогдож байсныг хэлэх ёстой. Тэрбээр “Орос, Япон, Солонгос, Монгол дөрвүүлээ хамтран дэлхийд гайхуулсан холбоо бий болгож болно. Ялангуяа бид эрчим хүчээр дэлхийд гайхуулж болно. Ингэхийн тулд бид хамтдаа дэд бүтцээ сайжруулж, технологийн сайныг ашиглаж ажиллах хэрэгтэй. Өнөөдөр ОХУ-д Японы 260 компани, БНСУ-ын 600 компани үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улс маань бидэнтэй эрчим хүчний онцгой харилцаатай баймаар байна. Одоо бол хуучин ЗХУ-ын үеийн хамтарсан төмөр зам л бидэнд байна. Тийм болохоор Монгол Улс Алс дорнод хариуцсан сайдтай болохыг санал болгож байна. Ингэж гэмээнэ эрчим хүчний супер цагирагийг энэ бүс нутагт байгуулж чадна. Та бүхэн манай улсад үйл ажиллагаа явуулж үр дүнд хүрсэн компаниудтай уулзаарай. Оросод ямарч асуудалгүйг тэд хэлнэ. Дийлэнх нь энд яваа” гэж байлаа.

Дорнын эдийн засгийн форумд тавигдсан томоохон илтгэлүүдээс харж байхад Зүүн хойд Азийн бүс нутаг нь ойрын жилүүдэд дэлхийн эдийн засгийн эрчим хүчний 50 хувийг хангана гэсэн мэдээлэл содон сонсогдож байлаа. Энэхүү эрчим хүчний супер цагираг дотор Монгол Улс ядаж нүүрсний зах зээлээ тодорхой хэмжээнд олоод авчих юм бол биднийг сэв хийтэл босгоод ирэх хангалттай мөнгөний урсгал бий болох юм билээ.

Дорнын эдийн засгийн форум өндөрлөсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай цөөн хором ярилцсанаа хүргэж байна.  

-Та анхны айлчлалынхаа үр дүнгийн талаар ямар сэтгэгдэлтэй байна вэ. Хүссэн зорилгодоо хүрч чадав уу?

 -Дорнын эдийн засгийн форумыг Японы Ерөнхий сайд Ш.Абэ, Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэн Ин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар өөрсдөө идэвхийлж  удирддаг юм байна. Монголчуудын хувьд энэхүү форумд анх удаагаа өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо. Бүс нутгийн хувьд монголчууд орхигдуулж болохгүй чухал ач холбогдолтой чуулган байгаа юм. Энэ форумд ямар ч л байсан оролцож, нөхцөл байдлыг ажиглаж, монголчуудын оролцоог нэмэгдүүлэхийг, санаачилгатай байхыг хичээлээ. Гол нь Оросын талтай төмөр замын тээврийн тарифын хөнгөлөлтийг олон жил ярьсан. Энэ уулзалтын үеэр энэхүү тарифын асуудлыг нааштайгаар шийдэж байгаа юм. Манайхны зарим нь үүнийг  ойлгохгүй хол газраас нүүрс тээвэрлэж ашигтай ажиллах ямар ч боломжгүй гэж байна. Восточный порт дээр бид нар өөрсдөө очлоо. Орчин үеийн технологиор сэргээн шинэчилсэн байна. Дэд бүтэцдээ хөрөнгө гаргасан байна. Та бүхэн сая харсан байх. Энэ хотын замыг, дэд бүтцийг яаж сайжруулсан байна. Шинэ нисэх онгоцны буудал барьсан байна. Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр шинэчлэл бодитой хийгдэж буй бүс нутаг юм байна. Бид нарт ойрхон байна.

-Алс дорнодыг улсынхаа хөгжлийн дараагийн төв гэсэн зорилтоор ОХУ түлхүү бодлого барьж байгаа нь харагдлаа. Үүнтэй холбоотой бүс нутгийг хамарсан эрчим хүчний дэд бүтцийн том сүлжээнүүдийг байгуулах саналыг хоёр улсын Ерөнхийлөгч нар ярилцсан. Манайхан яг ямар чиглэлээр хамтрах боломж байна вэ.

-Жишээ нь бид нар Улаанбаатар хотоос энэхүү алс дорнодын Владивосток хотод 2 цаг 55 минут л нисээд ирж байгаа. Энэ бүс нутаг Солонгосоос 1.45 цаг, Японоос 1 цаг гаруй л нисээд ирдэг юм байна. Алс хол биш байгаа биз. Тийм болохоор энэ бүс нутагт эрчим хүчний том цагираг үүсгэе гэж байгаа. Монгол, Солонгос, Япон, ОХУ, Хятад гэсэн эрчим хүчний том сүлжээнд хамрагдчих юм бол энэ улсуудтай найдвартай бизнесээр холбогдож байна гэсэн үг. Энэ мэт олон санал санаачилга энд яригдлаа.

-Сая форумын үеэр содон санаачилгыг Оросын Засгийн газраас хэрэгжүүлж буйгаа хэлсэн. Бүс нутгийг илүү хөгжүүлж, хүн амыг олноор суурьшуулахын тулд хүний, өөрийн гэхгүй газар өгөөд  тодорхой хугацааны дараа эзэмшүүлнэ гэж?

-Уралын нуруунаас зүүн тийшээ иргэдийн нүүдэл Москва, Ленинград, Европ руугаа чиглээд удаж байгаа юм. Яг л манай нийслэл рүү чиглэсэн их нүүдэл шиг. Тийм учраас энэ нүүдлийг зогсооё гэсэн бодлогоор алс дорнод руу хүн амыг суурьшуулах, энэ алслагдсан газар нутгаа хөгжүүлье гэсэн онцгой бодлого хэрэгжиж эхэлжээ.
-Монгол, Орос, Япон гурвын хамтарсан компани байгуулах саналыг Ш.Абэтэй ярилцсан. Асуудал яаж шийдэгдэв?

-Монголын талаас санаачилсан юм. Ерөнхийдөө энэ бүс нутагт хамтарсан компани байгуулъя гэж.  Оросын дэд бүтцийг ашиглая, Японы худалдан авалтыг ашиглая, манай эрдэс баялгийг заръя гэсэн тийм л хамтарсан компани. Асуудал нааштайгаар яригдсан.



Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.